close
Эдийн засаг

Монгол Улсын түлш, шатахууны үнэ...

        Монгол Улсын дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ нь импортын үнэ, татвар болон компаниудын бусад зардал, ашгийн төвшнээс хамаарч тодорхойлогдож байна. 

Тухайлбал 2016 оны нэгдүгээр сараас наймдугаар сарыг дуусталх хугацааны түлш, бүтээгдэхүүний өртгийн дунджаар 46%-ийг бүтээгдэхүүнийг импортоор худалдан авах үнэ, 33%-ийг татвар, 16%-ийг үйл ажиллагааны бусад зардал, 5%-ийг ашиг эзэлж байна. 

Өртгийн өөрчлөлтийг авч үзвэл энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хилийн үнэ аажим нэмэгдэж, долоо, наймдугаар сард валютын ханш огцом суларснаас бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, ашиг буурах хандлагатай байна.

Дүрслэл 1. Монгол Улсын түлш, шатахууны бүтээгдэхүүний өртгийн бүтэц

Хүснэгт 1-д 2012 оноос 2016 оны 6 сарыг дуусталх хугацаанд 7 томоохон түлш, шатахуун импортлогч компанийн импортлосон түлш шатахууны бүтээгдэхүүнүүдийн биет хэмжээнд тулгуурлан тооцсон борлуулалтын орлого болон бүтээгдэхүүний хил дээрх өртөг, татвар, үйл ажиллагааны зардал зэргээс уг компаниудын ашиг, алдагдлын хувь хэмжээг тооцов. 

Үүнд борлуулалтын орлогыг биет хэмжээ болон зах зээлийн үнэнд түшиглэн тооцох нь орлого үр дүнгийн тайланд тусгасан борлуулалтын орлогоос илүү бодитой гэж үзсэн. Тус компаниуд нь 2012-2016 онуудад хилээр орж ирсэн нийт түлш, шатахууны бүтээгдэхүүний импортын биет хэмжээний 70-80 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. 

Мөн сонгож авсан компаниудын бүтээгдэхүүнийг хилээс эцсийн хэрэглэгчид хүргэх хүртэл үйл ажиллагааны зардлыг мөнгөн гүйлгээ болон орлого үр дүнгийн тайлан дахь цалин хөлс, борлуулалт маркетинг, удирдлага, засвар үйлчилгээ, тээвэр, санхүү даатгал зэрэг зардлуудын нийлбэр дүнгээр авч тооцоонд ашиглалалаа. 

Улмаар дээрх компаниудын 2014-2016 оны нэгдүгээр хагас хүртэлх хугацааны түлш, шатахуун худалдаалах үйл ажиллагаанаас олсон ашгийн түвшинг ойролцоогоор тооцоход дунджаар орлогын 5-8% үзүүлэлттэй байна.

Хүснэгт 1. Сонгосон компаниудын ашиг, алдагдлын тооцоолол, мян.төг /2012-2016H2/

Эх сурвалж: Судлаачийн тооцоолол

Tүлш, шатахууны үнийн задаргаа талаар хийсэн шинжилгээний үр дүн

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ буурснаас  дотоодын зах зээл дээр худалдаалагдаж буй түлш, шатахууны бүтээгдэхүүний хил дээрх өртгийг бууруулах нөлөөтэй байсан. 

Гэвч Засгийн газраас татварын хувь, хэмжээг шат дараатайгаар өсгөснөөс өртөг төдий хэмжээнд хүртэл буураагүй. Тухайлбал 2013 онд нийт татварын хил дээрх бүтээгдэхүүний өртөгт эзлэх хувь 3% байсан бол 2015, 2016 оны нэгдүгээр хагаст харгалзан 19%, 34% болон эрс нэмэгджээ.

Түлш, шатахууны компаниуд дэлхийн зах зээл дээрх үнийн бууралтаас шалтгаалж 2016 оны дөрөвдүгээр сард шатахууны үнийг литр тутам 80 төгрөг, түлшний үнийг 100 төгрөгөөр бууруулсан. 

Гэвч 2016  оны дөрөвдүгээр сараас дэлхийн зах зээл дээрх үнэ аажим өссөн, долоо, наймдугаар сард ханш огцом суларснаас АИ80, АИ92 шахахуун болон түлшний нийт өртөг нэмэгдсэн дүнгээр оны эхнээс өссөн нь энэ онд компаниудын ашгийг буурахад голлон нөлөөлжээ. 

Цаашилбал дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ өсөх, дотоодын валютын ханш сулрах дарамттай өнөөгийн нөхцөлд түлш, шатахууны бүтээгдэхүүний өртөг нэмэгдэх эрсдэлтэй байна. 

Гэхдээ уг өртгийн өсөлтийг Засгийн газраас татварын хувь, хэмжээг шат дараатайгаар бууруулах эсвэл зах зээл дээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх замаар өртгийн өсөлтийг шингээх бодлогын хувилбаруудыг сонгох боломжтой юм.

Эх сурвалж: Монголбанк

 
Сэтгэгдэлүүд (0)
Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдэлийг та бичнэ үү