Б.Ганжавхлан
2017-06-05 17:29

Илүүдэл үснээс салах зөв арга

        Илүүдэл үс зун цагт эмэгтэйчүүдийн хамгийн их санаа зовдог зүйл. Халуунд халж, хүйтэнд хөрч яваа энэ цагт илүүдэл үсэнд байнгын арчилгаа, анхаарал хэрэгтэй болдог. Тиймээс сүүлийн үед эмэгтэйчүүдийн дунд тренд болж буй элсэн чихрийн вакс болон дараах арчилгааны хамгийн энгийн, үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.

Илүүдэл үснээс салах

Илүүдэл үсийг хусах, гуужуулах, зулгаах, хуу татах буюу ваксдах гэх мэт олон арга бий. Гэвч хусахад ширүүн ургаж, зулгаахад ажиллагаа ихтэй, гуужуулахад химийн хүчтэй бодис хэрэглэх болдог. Сүүлийн үед гоо сайханч нар элсэн чихрийн ваксын үр дүнг шагшин магтаж байна. Үүнд зөвхөн элсэн чихэр, нимбэгийн шүүс, ус ордог учир зуун хувь байгалийн гаралтай, гар доорх материалаар хийж болдгоороо онцлог аж. 

Элсэн чихрийн ваксыг хатуу ба зөөлөн гэж хоёр ангилна. Хатуу нь биежсэнийг ваксыг хэлэх бол зөөлөн нь илүү шингэн байх ба даавуу ашиглан хуулах шаардлагатай байдаг. Хатууг хийхийн тулд хоёр аяга цагаан элсэн чихэр, аяганы дөрөвний нэгтэй тэнцэх нимбэгийн шүүс, мөн хэмжээтэй ус шаардлагатай. 

Бүх орцыг нийлүүлэн дунд зэргийн гал дээр 15-20 минут чанана. Элсэн чихэр эхлээд хайлж, шингэрэх боловч чанах тусам өтгөрч хар цай шиг өнгөтэй болдог. Үүнийгээ урьдчилан халаасан шилэн саванд хийж хөргөнө. Шил хүйтэн бол халуун вакс хийхэд хагарах магадлалтайг анхаарна уу. 

Хатуу вакс хөрсний дараа та гараараа хэсгийг тасдан авч үсний ургалтын эсрэг чигийн дагуу түрхэж, бага зэрэг байлгаад татахдаа үсний чигийн дагуу хуулна. 

Харин зөөлөн вакс хийхийн тулд нэг аяга элсэн чихэр болон аяганы дөрөвний нэгээр ус, нимбэгийн шүүс хэрэгтэй. Бүх орцоо нийлүүлэн зөгийн бал шиг өнгөтэй болтол нь10-15 минут буцалгана. 

Зөөлөн ваксыг мөн адил үсний ургалтын эсрэг чигийн дагуу түрхэж, нимгэн даавуу, эсвэл бичгийн цаас сайтар наагаад, чигийн дагуу хуулна. Илүүдэг үсийг ваксдахад арьс ямар ч чийггүй байх ёстойг анхаараарай. Гоо сайханчид хүүхдийн нунтаг хуурайлагчийг суга, цавинд түрхэж хатаадаг. Химийн гаралтай ердийн ваксыг бодвол элсэн чихрийн вакс цэвэр байгалийн гаралтай, халуунаар нь хэрэглэдэггүй. Тиймээс арьсыг цочроох нь бага ажээ. Мэргэжлийн гоо сайханчид болон блог хөтлөгчид элсэн чихрийн ваксыг дуу нэгтэйгээр санал болгож байна.

Илүүдэл арьсаа гуужуулах

Шинэ үс ургахдаа зузаан арьсыг нэвтэлж чадалгүй дотогш ургах тохиолдол бий. Ялангуяа суга, давсаг гэх мэт зузаан арьстай хэсэгт. Заримдаа үсний нүхийг үрэвсүүлж, батгаших тохиолдол ч гардаж ажээ. Тиймээс илүүдэл үсээ авсны дараа үхэжсэн арьсаа тогтмол гуужуулах нь чухал гэдгийг гоо сайханчид зөвлөлөө. 

Үүний тулд танд гурван хоолны халбага чидун жимсний экстра виржин тос, хоёр хоолны халбага зөгийн бал, тал аяга бор элсэн чихэр, нэг цэвэр сав хэрэг болно. Урьдчилан угааж бэлдсэн саванд эхлээд чидун жимсний тосоо хийнэ. Дараа нь элсэн чихэр болон зөгийн балаа нэмж таглаад сайтар сэгсэрнэ. Энэ нь мөн л цэвэр байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд нүүр, гар гээд биеийн бүхий л хэсэгт хэрэглэхэд тохиромжтой. 

Нарны гэрлээс тусгаарласан хуурай нөхцөлд хадгална. Дашрамд дурдахад, тосон капсултай А, Е, С амин дэм нэг ширхгийг хийвэл арьсанд тань тэжээл өгөх болно.

Эмзэг арьсыг арчлах

Илүүдэл үсийг гуужуулж, ваксдсаны дараа хэсэг зуур эмзэг болдог. Тиймээс наргил модны самрын тос, өндөгний тос зэрэг байгалийн гаралтай, зөөлөн тосоор тэжээл өгөөрэй. Наргил модны самрын тосыг сүүлийн үед арьс арчилгааны бүхий л төрөлд өргөн хэрэглэх болсон. Дэлгүүрүүдэд төрөл бүрийн үнэтэй борлуулагдаж эхэлсэн. Харин өндөгний тосыг та гэрийн нөхцөлд, гар доорх материал ашиглан хийж болно. 

Зургаан ширхэг өндгийг 15-20 минут чанаж, шарыг нь салган авна. Ялгасан өндөгний шарыг сайтар нухаад хайруулын тавганд хийж, зөөлөн гал дээр хайрна. Ямар ч тос хийх шаардлагагүйг анхаарна уу. Өндөг харлаж, хэншүү гартал сайтар хутгана. Өндөгний уураг харлахад тос нь ялгарч эхэлнэ. Энэ хүртэл хугацаа их орох ба хэншүү хярвас их гардаг. 

Тасалгааны хэмд хайруулын тавгийг хөргөж нарийн ширхэгтэй шүүр, эсвэл маарлаар шүүж хуурай шилэн саванд тосыг ялган авна. Хөвөн даавуу ихэнх тосыг өөртөө шингээдэг учир нилон, синтетик материалтай байвал зохилтой. Эцсийн байдлаар шүүсэн тосонд ямар ч хатуу биет байх ёсгүй. Тиймээс аливаа зүйл орсон бол дахин шүүгээрэй. Өндөгний цэвэр тосыг тасалгааны нөхцөлд нэг жил, хөргөгчид гурван жил, ус болон бусад зүйл оруулахгүй бол тав хүртэлх жил хадгалах боломжтой. 

Өндөгний тос үсний унах, бууралтах, хагтахыг багасгаж, батганаас сэргийлэн, түлэгдэлт болон шархыг эмнэхэд тустай. Тосыг савнаас авахдаа хуурай, цэвэр халбага ашиглахаа мартуузай.