close
Ярилцлага

Н.Баяртсайхан: Монгол Улс Активын удирдлагын компанитай болно

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрсөн онд банк, санхүүгийн салбарт гарсан голлох үйл явдлуудын талаар ярилцлагаа эхэлье. 

-2016 он бол эдийн засгийн гадаад, дотоод орчин муудсан, гадаад хөрөнгө оруулагчдын итгэл буурсан, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдсан хүндхэн жил болж өнгөрлөө. Би энэхүү амаргүй үед Төв банкны Ерөнхийлөгчийн хариуцлагатай албыг авч тулгарсан нөхцөл байдлыг сайтар дүгнэж, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлэхээс ажлаа эхэлсэн.

Намайг ажлаа авахад гадаад валютын ханш огцом нэмэгдэх, улмаар иргэдийн амьжиргааны түвшин буурах, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал алдагдах зэрэг эрсдэл үүссэн байсан. 

Иймд мөнгөний бодлогын хүүг 4.5 хувиар нэмэгдүүлж, үндсэний мөнгөн тэмдэгтийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, банкны салбарын эрсдэлийг бууруулах, гадаад валютын ханшийн огцом өсөлтийг хязгаарлах арга хэмжээг авлаа.

Монгол Улсын хувьд дотоод болон гадаад өрийн дарамт харьцангуй өндөр байна. Иймд Сангийн яамтай хамтран Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудад хандаж, өрийн оновчтой бүтцийг хангах замаар өрийн дарамтыг бууруулах чиглэлээр хэлэлцээр эхлүүллээ. Хэлэлцээрүүд амаргүй байсан боловч, эхний үр дүнгээ өгч эхлээд байна.

Банкны салбарын тогтвортой байдлыг хангах үүднээс эрх зүйн шинэчлэлийг хийх цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хууль, Банкны тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж байна. 

Үүний зэрэгцээ Төлбөрийн системийн тухай хууль, Активын удирдлагын тогтолцооны тухай хууль зэргийг шинэчлэн боловсрууллаа. Монголбанкнаас гаргасан дүрэм, журам, зааварыг шинэчлэх ажил давхар хийгдэж байна. Үүнд банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах үүднээс активын ангиллын журмыг шинэчлэн баталлаа.

-Банкуудаас олгосон зээлийн чанар ямар байгаа вэ?

-Монгол Улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ огцом буурсан, гадаад эрэлт хумигдсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүллээ. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр банкны зээлийн чанар муудаж байна.

Банкны системийн чанаргүй зээл өнгөрсөн 11-р сарын статистикаар 9.2 хувьд хүрсэн байна. Энэ нь цаашлаад банкны ашигт ажиллагааг бууруулж, төлбөрийн болон бусад зохистой харьцааны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.

-Үүнээс болж арилжааны банкуудын зээлжих зэрэглэл буурсан уу?

-Зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагуудаас эдийн засгийн өсөлт саарсан, 2016 онд төсвийн алдагдал эрс нэмэгдсэн, гадаад өрийн дарамт зэрэг үндэслэлээр Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан.

Үүнийг дагаж дотоодын 7 банкны зээлжих зэрэглэлийг ч бууруулсан. Энэ нь үүсээд байгаа эрсдэлийг бууруулах талаар бодитой алхамууд хийхгүй бол ирээдүйд Монголын Засгийн газар болон арилжааны банкууд гадаад зах зээлээс эх үүсвэр татах боломжийг хязгаарлах юм. Иймд энэхүү эрсдэлийг үүсгэхгүй байх үүднээс Сангийн яам болон бусад бүх холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

-Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед арилжааны банкуудад томоохон сорилт тулгарч байгаа байх. Та банкны салбарын гол эрсдэлүүдийн талаар тодруулж хэлээч?

-Эдийн засгийн өсөлт саарсан нь банкуудын зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг өмнө дурьдсан. Үүний зэрэгцээ гадаад валютын ханшийн хэлбэлзэл банкуудад нэмэлт дарамт, эрсдэлийг бий болгоод байна.

-Эрсдэлээс сэргийлэх, бууруулах чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?

-Банкны хөрөнгийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн бодитой тогтоох үүднээс активын ангиллын журмыг Сангийн яамтай хамтран шинэчлэн баталлаа. Энэ журам батлагдснаар зээлийн эрсдэлийг илүү бодитойгоор түргэн шуурхай тооцох бололцоо бүрдэж байна.

Зээлийн эрсдэлийн тооцоо ийнхүү боловсронгуй болсон тул банкууд дээр хуримтлагдаад байгаа чанаргүй активын хэмжээг бодитойгоор тогтоосноор, шийдвэрлэх боломж бүрдэх юм. Иймд бид активын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх асуудлыг Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд тусгаж, энэ чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн.

Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилж, эдийн засагт тулгараад байгаа хүндрэлийг богино хугацаанд даван туулахад чухал алхам болно.

-Активын удирдлагын талаар олон улсын туршлага ямар байдаг вэ?

-Активын удирдлагын компани байгуулах асуудал бол шинэ асуудал биш юм. Учир нь 30 гаруй жилийн түүх болон олон улсын туршлага бий. 

АНУ, Швед, БНСУ, Индонези, Филиппин, Мексик, Малайз, Турк, Ирланд, Нигери, Испани зэрэг олон улс орон активын удирдлагын тогтолцоог бий болгож, банк санхүүгийн салбарт нь тулгарсан хүндрэлийг даван туулах арга хэмжээг авч байсан. Эдгээр улс орны туршлагыг судалж, алдаа оноон дээрээс нь суралцах боломж бидэнд байна. 

Активын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр чанаргүй зээлийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, банк санхүүгийн байгууллагын эрсдэл даах болон зээлжих чадварыг нэмэгдүүлэх, улмаар хямралаас хурдан гарч эдийн засгийн өсөлтийг дэмжих бодит боломж бололцоо бүрдэж байсан байна.

-Монгол Улсад активын удирдлагын тогтолцоог бий болгоход ямар асуудал дээр анхаарах вэ?

-Олон улсын шилдэг туршлагаас харахад активын удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй шаардагдах нь тодорхой байна. Тухайлбал, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, санхүүжилтийг шийдэх зэрэг асуудлаар. Монгол Улсын хувьд ч гэсэн төрийн эрх бүхий байгууллагууд эдгээр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Нэг зүйлийг онцлон хэлэхэд, төсөв санхүүгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд активын удирдлагын тогтолцоог төр дангаараа санхүүжүүлэх бололцоо хязгаарлагдмал. Иймд бид олон улсын санхүүгийн байгууллагуудад энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан болно. Эхний шатны яриа хэлэлцээр хийгдэж байна, тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна.

Үүнээс гадна активын удирдлагыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан болон дараалсан хяналтыг үр ашигтайгаар зохион байгуулах, эрх бүхий байгууллагын удирдлагыг хараат бусаар томилох, дотоод аудит болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог бий болгох, активыг олон улсын стандартын дагуу үнэлэх, зээлийг багцлан үнэт цаасжуулах, хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах гээд олон тооны асуудал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

-Банкуудын эрүүл мэнд, нөхцөл байдал ямар байгаа бол?

-Банкуудын эрсдэл даах чадварыг өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, актив хөрөнгийн чанар зэрэг олон үзүүлэлтээр хэмждэг. 

Монголбанкнаас өөрийн хөрөнгийн хүрэлцээний доод хэмжээг томоохон буюу системд нөлөө бүхий банкуудын хувьд 14 хувь, бусад банкуудын хувьд 12 хувиар тус тус тогтоон мөрдүүлж байна. 

2016 оны эцсийн байдлаар банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 17.2 хувь байгаа нь банкуудын эрсдэл даах чадвар боломжийн түвшинд байгааг харуулж байна.

Харин төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт нь богино хугацаанд гарч болзошгүй мөнгөн урсгалыг түргэн шуурхай гүйцэтгэх банкны чадварыг тодорхойлдог. 

Банкуудын хувьд бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн дор хаяж 25 хувийг хөрвөх чадвартай  найдвартай хөрөнгөд байршуулах шаардлагыг Монголбанкны зүгээс мөрдүүлэн ажилладаг. Өнөөдрийн байдлаар банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 42 хувьтай байна. Энэ нь тогтоосон доод хэмжээнээс харьцангуй өндөр буюу банкууд хөрвөх чадвар сайтай байна.

-Цаашид банк, санхүүгийн салбарын хүрээнд Монголбанкнаас хийх ажил юу вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа өнөөгийн нөхцөлд Засгийн газар, Монголбанк хамтран хүндрэлээс гарах хувилбарыг сонгон хэрэгжүүлж эхлээд байна. УИХ-аас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж, цаашид хийх ажлын хүрээг тодорхой болгосон.

Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, иргэд аж ахуйн нэгж, компаниудын харилцах, хадгаламжийн аюулгүй байдлыг хангах зорилгоор арилжааны банкны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. 

Арилжааны банкинд тавих хяналт шалгалтыг улам боловсронгуй болгох, банкинд үүсч болзошгүй эрсдэлийг цаг алдалгүй илрүүлж, шийдвэрлэх, банкуудын засаглалын орчин болон эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд Монголбанк хяналт шалгалтын чиг үүргээ шинэ бүтэц зохион байгуулалтаар хэрэгжүүлэхээр болсон.

Мөн банкууд дахь активын чанарыг алдагдуулахгүй байх, чанаргүй зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр олон талын шийдлийг судалж байгаа. Тухайлбал, Активын удирдлагын компани байгуулах ажил юм. 

Энэ нь банкны тэнцэл дээр байгаа чанаргүй зээлийг тодорхой шалгуураар багцлан хямдруулан худалдаж авах замаар тэнцэл дээр байгаа хөрвөх чадвар багатай, чанаргүй активыг хөрвөх чадвар сайтай хөрөнгөөр сольж, дахин зээл олгох боломжийг банкуудад олгох болно. Ийм компани нь бусад орнуудын хувьд шинэ зүйл биш бөгөөд олон улсад активын удирдлагын чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй туршлага бий. 

Манай Улсын санхүүгийн салбарын дэд бүтцийн хүрээнд ч Активын удирдлагын компани нь зайлшгүй байх ёстой гэж үздэг. Иймээс Монголбанк энэ ажлын хүрээнд хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид Активын удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний бүтэц зохион байгуулалт, засаглалыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн ажиллах болно.

Ярилцсанд баярлалаа!

Дэлгэрмөрөн Ганзориг

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү