Б.Мягмарсүрэн
5 өдрийн өмнө

Дэлхийн хоёр дахь ноён оргил "К2" ууланд Монгол тамирчин авирахаар явна

Каракарум нуруунд далайн түвшинөөс дээш 8,611 метр өндөрт оршдог Спорт авиралтын хаан уул гэгддэг К2 уул нь Эверестийн дараах ийн хоёр дахь ноён оргил гэгддэг. Тэгвэл МУГТ Б.Гангаамаа уг ууланд авиралт хийхээр маргааш Монголоос нисэх гэж байна. Ууланд зургаадугаар сарын 18-ны өдрөөс авирч эхлэх бөгөөд нийтдээ хоёр сарын хугацаа зарцуулж, наймдугаар сарын 16-нд ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Энэ уул нь авиралтын 5, 6 замтай түүнээс гурван замаар Оросын уулчид гарч 5б, 6а, 6б гэсэн ангиллыг гаргасан байдаг. Үүнээс Б.Гангаамаа 5б замаар авиралт хийнэ. Өмнө нь Монголоос анх 2013 онд Б.Гангаамаа К2-ыг зорьсон ч цасан нуранга болж зарим уулчид амиа алдаж, түүний багийнхан 7,000 метрийн өндөрт хүрээд авиралтаа зогсоожээ.

Хамт авирах баг нь нийтдээ 14 уулчинтай бөгөөд өмнө нь хоёр удаа гарч байсан түүхтэй юм байна. Энэ удаа Монголоос дөрвөн уулчин гарах гэж байсан ч хүндэтгэх шалтгааны улмаас Б.Гангаамаа эх орноосоо ганцаараа авирах болжээ. Бэлтгэлийн хувьд Монголд, Кавказд очиж 20 хоног мөн Төвдөд хийсэн байна.

Нийт 35 мянган долларын төсөвтэй явж байгаа байгаа бөгөөд “Тамирчин хүний их эр зориг, эрсдэл шаардсан томоохон арга хэмжээ учир Монголоос К2 ууланд төрийнхөө далбааг мандуулаасай” гэсэн ерөөлийг хүргүүлж тамирчинд БСШУСЯ, БТСГ-ын зүгээс тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг тусалж дэмжиж гаргахаар болжээ.