Г.Дэлгэрмөрөн
6 өдрийн өмнө

ЦАГДАА: О.Баасанхүү гишүүнийг зодсон асуудал тогтоогдоогүй

             Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын гишүүн О.Баасанхүү бусдад зодуулж эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээллэсэн. Тодруулбал МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасны дараа ийм хэрэг болжээ.

Тус хуралд МАХН-ыг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон МАХН-ын гишүүн Н.Уламбаяр гэх залуу халдсан гэх мэдээлэл тарсан. Гэтэл өчигдөр МАХН-аас албан ёсоор хэвлэлийн хурал зарлаж дээрх мэдээллийг үгүйсгээд орхив. Хурлын үеэр Н.Уламбаяр гэх залуу хэлэхдээ “Би О.Баасанхүүгийн биед огт халдаагүй. Харин ч О.Баасанхүү өөрөө шүүх хуралдааны танхимд салаавч гаргаж, хүмүүс рүү дайрч доромжилсон хэмээн ярьсан юм.

Харин О.Баасанхүү МАХН-аас хийсэн мэдээллийн дараа мөн л эл зодуулсан хэргийнхээ талаар тайлбар өгчээ. Тэрбээр “Тэдний ярьж байгаа шиг зүйл шүүх хуралдааны танхимд огт болоогүй. Миний биед халдсан нь үнэн. Хууль хяналтын байгууллага нь түүнийг нь тогтоогоод гаргаад ирэх биз. Надад шүүхийн танхимд танхайрах ёс зүй байхгүй гэсэн байх юм.

Дээрхээс үзэхэд хэн нь үнэн, хэн нь худал яриад байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл О.Баасанхүү гишүүн өөрийгөө зодоогүй байхад нь зодлоо гэж нийгэмд худлаа сенсааци тарьсан гэсэн дүр зурагтай үлдэх нь тэр.

Тиймээс бид эл хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас тодрууллаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй юм байна. О.Баасанхүү гишүүний биед хүмүүс халдлаа гэх дуудлага мэдээллийн дагуу тус цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ сарын 14 буюу даваа гаригийн өдрийн 11:30 цагийн үед дээд шүүхийн байранд очсон байна. Ингэхэд МАХН-ын Тамгын газрын дарга ажилтай, Баянгол дүүрэгт  оршин суух Н.Уламбаяр гэх 37 настай залуу “Намын харьяалалгүй хүн шүүх хуралдаанд оролцлоо” гэх шалтгаанаар Сүхбаатар дүүрэгт  оршин суух О.Баасанхүүгийн цээжин тус газар нь нэг өшиглөсөн гэсэн мэдээлэл өгчээ. Гэвч мөрдөн байцаалтын явцад биед нь халдаагүй, өшиглөж зодоогүй нь тогтоогдсон байна. 

Тиймээс байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.