Б.Чулуунцэцэг
7 өдрийн өмнө

Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд оджээ

          Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларч, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж боломгүй хүнд гарз тохиолоо. 

Тэрбээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг найрагч байсан юм.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.  Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.

“Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын уран зохиолын 108 боть” номонд түүний бүтээл нийтлэгдсэн юм. Түүний бүтээлүүд Орос, Хятад, Энэтхэг улсад орчуулагдан хил давж уншигчдын сэтгэл зүрх, оюун мэлмийд хүрч байсан билээ. Тэрээр 2015 онд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийнхээ цэнгүүнийг уншигч зон олондоо  хүргэж, Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулж байсан юм.

Арлааны Эрдэнэ-Очир нь өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байсан юм. Түүний гэр бүл, найз нөхөд, эрхэм уншигчдад гүн эмгэнэл илэрхийлж байна. 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!