Г.Дэлгэрмөрөн
10 өдрийн өмнө

Д.Баян-Өндөр: Бөөрний дутагдалд орсон 600 хүнд АМЬДРАЛ хайрлах боломж байна

           Донорын тухай хууль өнгөрсөн нэгдүгээр сард шинэчлэгдэн батлагдсан билээ.

Тус хуулинд орсон нэмэлт өөрчлөлт, ач холбогдлын талаар УНТЭ-ийн Урологи-Андрологийн Төвийн эрхлэгч, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Анагаах Ухааны доктор, тэргүүлэх зэрэгт эмч Д.Баян-Өндөртэй ярилцлаа.

- Өнгөрсөн нэгдүгээр сард “Донорын тухай хууль”-ийг шинэчлэн баталсан. Нэмэгдсэн заалтуудын ач холбогдол нь юу байв?

-Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг 1996 онд МУ-ын гавьяат эмч, АУ-ы доктор Л.Жамбалжав эмчээр удирдуулсан баг хийсэн. Тухайн үед манайд “Донорын тухай хууль” байгаагүй. Уг мэс заслын дараа хуулийн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг бүх шатандаа ойлгож 2000 онд “Донорын тухай” анхны хууль батлагдаж байсан түүхтэй.

Анхны хуулинд амьд донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг зөвхөн “цусан төрлийн хүн эрхтний донор болох боломжтойг” заасан бөгөөд энэ нь зөвхөн ах дүү хүмүүс хоорондоо донор болохыг гэж тусгасан. Харин 2012 онд донорын хуулийг шинэчлэн найруулснаар эхнэр, нөхөр, тэдгээрийн төрлийн хүн болон дотны найз донор болж болохоор нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Саяхан батлагдсан энэ хуулиар амьд донорын насыг 25-аас дээш байхаар шинэчилсэн. Мөн энэ хуулиар эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг шинээр байгуулахаар хуульчилж өгсөн.

Энэ зохицуулах албаны зорилго нь эрхтэн шилжүүлэх шаардлагатай байгаа хүмүүсийг бүртгэн хүлээлгийн жагсаалтад оруулж, амьгүй донор гарвал хэнд тохирох бусдаас илүү таарч байгааг тодорхойлох, хэнд эрхтэнг суулгахаар хуваарилахыг шийдэх, хяналт тавихад оршино.

- Улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хэчнээн хүн байна вэ? Мэдээж үүнийг дагаад донорын асуудал яригдана?

-Улсын хэмжээнд одоо 160 гемодиализын аппарат ажиллаж байна. Нийт бөөрний дутагдалтай 620 гаруй хүн эдгээр аппаратад долоо хоногт 2-3 удаа орж цусаа шүүлгэж байна. Тэгэхээр бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай 600 гаруй өвчтөн байна гэсэн үг.

Бид эрхтэн шилжүүлэн суулгах хүлээлгийн жагсаалтад өвчтөнүүдээ бүртгэж эхлэхээр өвчтөнүүдийг шинжилгээнд хамруулах гэж байна.

Ер нь амьгүй донор нэг өдөр гарлаа гэхэд өвчтөн мэс засал хийлгэх боломжтой эсэх, мөн донор бөөр тухайн хүнд хэр зэрэг тохирч байна гэдгийг хүлээлгийн жагсаалтын дагуу тодорхой болгож сонголт хийж зохицуулдаг.

Бид өнөөдрийг хүртэл 156 хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Эдгээр хүмүүсийн 12-т нь амьгүй донороос шилжүүлсэн. Амьгүй донор нь тархи нь үхэжсэн сэргэх боломжгүй ч, бусад эрхтэн нь эрүүл хүнийг хэлдэг. Бид зургаан амьгүй донороос 12 хүнд бөөр, нэг хүнд элэг суулгасан.

Энэ тоо нэмэгдвэл 600 гаруй хүнд амь хайрлах боломж байгаа юм. Ерөнхийдөө амьгүй донороос найман хүнийг аварна гэж үздэг. Монголчууд ам бүл олуулаа, ах дүүсэг. Нэг нь өвдчихсөн байхад бусад нь зүгээр хараад суулгүй ах дүү, ээж аав, нөхөр эхнэр нь донор болдог. Энэ хүмүүс ямар ч ашгийн сонирхолгүй, цэвэр хүнлэг нинжин сэтгэлээр өөрийн нэг бөөрөө хүнд өгч амьдрал бэлэглэдэг.

Өчигдөр гэхэд л төрсөн дүү нь ахдаа бөөрөө өгсөн бол өнөөдөр гэхэд ээж нь хүүгийнхээ донор болж байна. Амьд донор гэдэг маань өөрөө эргэн тойронд нь буй төрөл төрөгсдөд нь хос эрхтнийхээ нэгийг нь хандивладаг гэсэн үг.

-Бөөр шилжүүлэн суулгах мэс засал Монголд ямар түвшинд байна вэ? Мөн сайжруулахын тулд юу хийх шаардлагатай байна?

Монгол Улсад Койкагийн шугамаар эд нийцлийн лабораторийг манай эмнэлэгт эхний бөөр суулгах мэс заслын дараа суурилуулсан. 2006 онд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт нийт есөн эмчийн бүрэлдэхүүнтэй бөөр шилжүүлэн суулгах баг байгуулж английн мэс засалч Маурис Слапак, DHL-ийн захирал Дэвид Аллен нарын дэмжлэгээр БНХАУ болон Тайланд улсад сургалтад хамруулж байлаа. Харин бид одоо залуу эмч нарыг сургаж залгамж үеэ бэлдэж байна.

-Бөөр шилжүүлэн суулгах багийнхан маань өнгөрсөн жил эсрэг биеийн хэмжээ өндөр 2 тохиолдолд урьдчилан эмчилгээ хийж эсрэг биеийг буулгаж бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Мөн 2 тохиолдолд бөөр шилжүүлэн суулгах давтан мэс засал хийлээ. Бид 23 бөөр шилжүүлэн суулгах мэс засал жилд хийж төсөвтэй ажиллаж байна.

Одоо бид донор болон реципиентийн цусны бүлэг өөр тохиолдолд бөөр шилжүүлэн суулгахаар эмч нараа сургалтад хамруулж бэлтгэж байна. Цаашид нойр булчирхайг шилжүүлэн суулгахаар мөрөөдөж байна.

10