Б.Ганжавхлан
10 өдрийн өмнө

Их аварга Хакухо М.Даваажаргал 500 хүүхдийг баярлууллаа

           Мэргэжлийн Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зорилтот бүлгийн хүүхдэд бэлэг өгч, "Чингис хаан" бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног үзүүлж баярлууллаа.

Хакухо аварга жил бүр Эх үрсийн баяраар хүүхдүүд баярлуулдаг хэдий ч энэ удаагийнх нь цаг хугацааны хувьд эрт буюу аавынх нь таалал төгссөн өдрөөс 7 хоногийн дараа болж буй юм.

Өргөө-1 кино театрт болсон уг арга хэмжээнд 20 гаруй асрамжийн газрын 500 орчим хүүхэд оролцлоо. Тэрээр арга хэмжээний эхэнд аав, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбатынхаа дурсгалыг хүндэтгэсэн үг хэлсэн юм.

Үүнийхээ дараа ирсэн хүүхдүүдэд өөрийгөө танилцуулж "өөрсдийн хүсэл мөрөөдлөө олж, зорилготой амьдарч, түүнийхээ төлөө зүтгэвэл биелдэг юм шүү" гэдгийг онцлон захив. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 23 байгууллагын 33 асрамж халамжийн төвд 1012 хүүхэд өсч хүмүүжиж байгаа гэсэн албан ёсны тоо бий.