Б.Ганжавхлан
13 өдрийн өмнө

МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэ үү? эсвэл Л.Чинбат уу?

           Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн хэн болох нь тодорхойгүй хэвээр байна. Нэг талаас 2018 оны гуравдугаар сард болсон "Их эе" хуралдаанаар байгуулагдаж Дархан аварга Б.Бат-Эрдэний тэргүүлж буй холбоо нөгөө талаас Л.Чинбатаар тэргүүлүүлсэн холбооныхон аль аль нь өөрсдийгөө хууль ёсны холбоо хэмээн мэдээлэл тарааж байгаа юм. 

Өнөөдөр Дархан аварга Б.Бат-Эрдэнийн тэргүүлж буй холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж "МҮБХ-ны Тэргүүнээр Л.Чинбатыг сонгосныг гурван шатны шүүхээр баталгаажуулсан гэдэг нь ор үндэсгүй худлаа" хэмээн мэдэгдсэн юм. Уг хэвлэлийн бага хурлын үеэр Л.Чинбатын тэргүүлж буй холбооны төлөөлөл орж ирэн мэдээлэл хийсэн байна.

Улсын заан Ц.Магалжав "Монгол бөхийн ноён оргилуудын нэг Дархан аварга маань бурхан болоод удаагүй байхад бөхийн холбооныхон хэрүүл тэмцэл хийх болсонд бид харамсаж байна. Бөх хүний уужуу тайван зан гаргаж, тэвчээртэй дуугай байсаар байсан хэдий ч өчигдөр Л.Чинбат гэгч хүн Монгол телевизийн байранд залуу бөхчүүд хүүхдүүдийг цуглуулан Бөхийн өргөөг хүчээр эзэлж авах талаар ярилцсан байна. Бөхийн өргөөг шатаасан ч яахав хэмээн ярьсан нь биднийг өнөөдөр яаран мэдээлэл хийхэд хүргэлээ.

Улсын дээд шүүхийн 403-р тогтоолын дагуу гэх Л.Чинбат нарын 2017 оны 5-р сарын 28-ны өдөр хуралдуулсан Цэцдийн зөвлөлийн хурал нь өөрөө хууль бус юм. 

Мөнх ээлжит бус Их эеэс зөвхөн тэргүүнийг сонгох байтал Цэцдийн зөвлөл тэргүүлэгчдийг сонгон МҮБХ-ны тэргүүлэгчид цэцдийн зөвлөлийн эрхэнд халдсан нь бас хууль бус юм" гэж мэдэгдсэн.

Харин Л.Чинбатын тэргүүлж буй бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн М.Хүдэрбаатар "Шүүхээс хурал зохион байгуулж болохгүй гэсэн захирамж гаргасан байхад гуравдугаар сарын 24-нд хурал зохион байгуулсан нь хууль бус. Мөн гуравдугаар сарын 14-нөөс хойш тамга тэмдэг хэрэглэж болохгүй гэсэн шүүхийн захирамж ч байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр яг одоо миний гарт байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн шийдвэр гээд гурвуулаа байхад яагаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. Та бүхэн үнэхээр албан ёсных юм бол бидэнтэй ирээд уулзаад, мэтгэлц гэж албан ёсоор хэлмээр байна" гэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Дархан аварга Х.Баянмөнх "Ер нь бол би их баяртай байна. Бөхийн холбоо бол хөгшин залуу гэхгүй бүх бөхчүүдийн нэгдэх ёстой газар. Хэчнээн өнөөдөр би нас өндөр гарсан ч гэсэн үнэний төлөө явна. Монголын ард түмэнд үнэн үг хэл. Энэний төлөө би бүх насаараа явж ирсэн. Тамга тэмдэг улсын бүртгэлийг нь хүчингүй болгочихсон байхад үйл ажиллагаа явуулаад байгаа танхай балмад юмыг хүлээн зөвшөөрч болохгүй. 

Зарим хүн намайг насны буянаа эдлээд дуугай сууж бай гэж хэлсэн байна. Тэр хүнд хандаж хэлэхэд би дахиад 10 жил шинжлэх ухаан, бөхийнхөө үйл хэрэгт зүтгэх чадалтай байна. Сая Магалжав "Залуучууд бид бөхөө авч явна" гэж хэллээ. Үгүй ээ. Залуу хөгшингүй авч явна. Миний отгон хүүхдээс насаар бага хүүхдүүд байж сая намайг ороод ирэхэд хүндлээд наашаа суу гэж болно доо. Тэгсэнгүй. Хөгшин хүн юу ч хийхгүй чимээгүй сууж байх ёстой гэсэн буруу ойлголт, буруу хүмүүжилтэй болчихсон байна. Намайг хөгшин гэж голоод байгаа хүмүүст хэлэхэд би болоогүй одоо курст сурах гэж байгаа. Монгол бичиг сурах гэж байна. Намайг хөгшин гэж дарамтална гэвэл гожийнжоо шүү. Би үндэсний бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ" гэлээ.

Зочин / 112.72.14.28
4 өдрийн өмнө

Би үндэсний бөхийнхөө төлөө нүд аних хүртлээ тэмцэнэ ,mundag

Зочин / 202.179.25.248
7 өдрийн өмнө

"намайг хөгшин гэж дарамтална гэвэл гожийнжоо шүү" гоё хэлжээ.

Зочин / 84.180.120.1
13 өдрийн өмнө

Хөгшин гэж хүнийг доромжилж болохгүй байхаа...

Зочин / 66.160.201.55
13 өдрийн өмнө

Хөгшин ч гэсэн хогын хүмүүс байж л байдаг.