Б.Гочоосүрэн
2018-03-12 20:00

Д.Оюунхорол тэргүүний сурагчдад 40 САЯ төгрөгийн тэтгэлэг ГАРДУУЛЛАА

          Монгол улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийг 40841 сурагч төгсөж, их дээд сургуульд элсэн орно.

ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгох хариуцлагатай бөгөөд амаргүй алхамтай тулгардаг.

Сурагчид судалгаа, мэдээлэлгүйгээр бусдыг даган дуурайх, хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээлэлгүйгээр мэргэжил сонгох, гэр бүл найз нөхөд бусдын нөлөөнд автах зэрэг байдлаар мэргэжлээ сонгох тохиолдол их байдаг.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг эхлүүлсэн.

БЗД-ийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Отгонтэнгэр их сургуультай хамтран тус аяныг энэ сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус аянд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэгдэж сонгогдсон тойргийнхоо дөрвөн сургуулийн 1400 орчим сурагчидтай уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр сурлага, спортын амжилтаараа тэргүүлсэн сурагчид Отгонтэнгэр их сургуульд суралцах 40 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулан өгсөн байна.

Энэхүү тэтгэлэгт БЗД-ийн 48 дугаар сургуулийн сурагч Б.Ганхуяг, Ө.Сарандагина, 102 дугаар сургуулийн сурагч М.Хаянхярваа, 127 дугаар сургуулийн сурагч Б.Доржнамжил нар хамрагдахаар болжээ.