Г.Дэлгэрмөрөн
9 өдрийн өмнө

У.Галхүү 80 хувийн "ГРУПП" тогтоолгохоор болжээ

           Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон холбогдох албаны хүмүүс II багийн иргэн У.Галхүүгийн гэрт очиж уулзаж, тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тэрбээр, 2014 онд барилгын компанид ажиллаж байх үедээ ТАВАН давхараас унаж биедээ хүнд гэмтэл авсан бөгөөд одоогоор 69 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, хоёр хүүхэд болон өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг юм байна.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Н.Ганбямба холбогдох албаны дарга нарт доорхи үүрэг чиглэл өглөө. Үүнд

 НДХ, ЭМГ хамтран У.Галхүүгийн биеийн байдлыг харгалзан үзэж 80 хувийн групп тогтоох,

 ХХҮГ тус иргэний гэр бүлийг хүнсний талонд хамруулах

 ТЗУХ болон НБХ-ийн дарга нар хамтран У.Галхүүгийн биед тохирсон ажлыг яаралтай судалж танилцуулах гэсэн 3 үүрэг даалгаврыг өгч энэ 7 хоногтоо багтаан эргэж хариу мэдэгдэхийг даалгалаа.

Мөн иргэний шүүхэд хандаж нөхөн төлбөр гаргуулах, үйлдвэрийн осол гэдгийг тогтоолгох тал дээр, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхийг ТЗУХ-ын дарга Ж.Гантулгад хариуцуулсан юм.

Мөн Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга н.Ганчулуун өнөөдрөөс эхлэн У.Галхүүгийн гэрийн цахилгааны төлбөрийг 60 хувь хөнгөлөх болсноо дуулгасан юм.

Түүнчлэн аймгийн Засаг дарга Хэлсэн үгэндээ “ Шүүх засаглалд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй ч гэсэн иргэний эрх зөрчигдөж байгааг зүгээр хараад сууж болохгүй. Тиймээс бүх талаар дэмжиж тусална” гэдгээ илэрхийлсэн бол У.Галхүү “Өмнө нь ингэж аймгийн удирдлагууд ирж уулзаж, анхаарал тавьж байгаагүй. Харин Н.Ганбямба дарга 2015 онд аймгийн дарга болоогүй байхдаа ч гэрт маань ирж, уулзаж ярилцаж байсан. Одоо ийм өргөн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж асуудлыг маань газар дээр нь шийдэж өгсөнд баярлаж талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Мөн тэргэнцэртэй иргэдийн холбоог болон хамт унаж гэмтсэн залууг анхааралдаа авч дэмжиж туслаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан билээ. У.Галхүү нь ганц өөрийхөө асуудлаар биш өөрөөрөө дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийхээ дуу хоолой болж явах болно гэдгээ илэрхийллээ.

10