VIEW сонголт
10 өдрийн өмнө

Цагаан сар ба "саарал" нулимс

-ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

       Монголчууд бидний сар шинийн баяр айсуй. Монгол хүн болж төрснөөрөө, морин дэл дээр дарцаглаж өссөнөөрөө, уртын дууны уран шуранхайд уярч ухаажсанаараа бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлдэг үндэсний хоёр том баярын маань нэг. Бага ахуйд цагаан сар гэхээр юм бүхнийг цагаанаар төсөөлөн боддог байж билээ.

Айлын эмээгээс хөлдөөсөн, чихэртэй цагаан тос бэлгэнд аваад урам хугарсан ч хаа хамаагүй хаячихаж бас зүрхлэхгүй “Тэгдэг л юм байлгүй” гэсхийгээд өнгөрүүлсэн удаатай.

Энэ баярын мөн чанарыг бага насандаа тэгж ойлгосон минь угтаа буруу биш байсныг хожим ухаарсан сан.

Урьд цагт монголчууд Цагаан сарын хамгийн том тооцоо бол хиргүй, өргүй, хэрүүлгүй байх явдал гэж үздэг байсан. Хиргүй хувцас өмсөх, хэн нэгэнтэй ам муруйсан бол Шинийн 1-нээс өмнө заавал түүнийгээ цайруулж, онд өргүй орохыг ихэд эрхэмлэдэг байсан. Гэтэл жил ирэх тусам сар шинийн баярыг Монголчууд нүсэр тэмдэглэдэг болсон.

Нүүдэлчин байхдаа бид өөрсдийн гараар бэлтгэсэн цагаан идээ, хэвийн боов, идээ шүүс, айраг цагаа, нэрмэл архи, бууз банш гээд бүхнийг өрхийн үйлвэрлэлээрээ бэлтгэж баяраа тэмдэглэдэг байлаа. Орчин цагт бид бараг бүхий л зүйлсээ хэн нэгнээс худалдан авч тансагладаг үйлдвэрлэгч бус хэрэглэгч болсон. Халуун ам бүлээрээ гар сэтгэл нийлэн хэвийн боовоо хийж, ууцаа чанаж, бууз хийдэг айл өрх улам л цөөрч. Идээ ундааны нэр төрөл, зүйлүүд улам өргөжсөөр. Тухайн гэр бүл албан тушаал, зэрэг дэв, насныхаа эрэмбэд таарсан тооны үетэй таваг засах учиртай.

Гэтэл түүнийг нь мэдэхгүй улсын ерөнхийлөгчийн тавагнаас ч илүү өндөр, тэгш тоотой үе бүхий тавагнууд харагдах боллоо. Дээхэн үед айлууд өөрийнхөө чадал чансаа, боломжид тааруулж заавал ууц гэлгүй өвчүү, мөчний мах шүүс тавьдаг байж. Гэтэл өнөө цагт өөх идэж чадахгүй хаядаг байж заавал ууц, тэр дундаа том жижгээрээ зиндаархаж, бүр сүүлдээ нэг биш нилээн хэдэн ууц тавьдаг хачин үзэгдэл гарч ирэв.

Баярын ширээ томрохын хирээр үнэтэй виски, архи, вино, пиво гээд согтууруулах ундааны жагсаалт ихэсч, түүнийгээ дагаад хэрэглээ нь өсч байна. Гадны жуулчид “монголчууд өрхийн жилийн хэрэгцээнийхээ 4-ний нэгтэй тэнцэх хоол хүнсийг цагаан сарын хэдхэн хоногт идэж дуусгадаг” хэмээн гайхдаг. Үнэхээр бидний ийм гажиг цамаан байдал нь борог, дундаж айл өрхөд хүндээр тусдаг.

Магадгүй тийм болохоор хэн нэгний бэлтгэсэн идээ ундаа, ууц, бууз, боовыг хулгайлах сэдэл төрж, энэ төрлийн гэмт хэргийн тоо эрс өсдөг биз. Хэдийгээр ямар ширээ засч зочдоо хэрхэн дайлах нь тухайн айл өрхийн асуудал боловч уг соёл, утга учраа алдаж хэрхэвч болохгүй. Харин хувцас зүүсгэлийн тал дээр ноднингоос хотын гудамжинд “будчихсан луу”-нууд арай цөөн харагддаг болсон байна билээ.

Цагаан сар болгоноор заавал үнэтэй торго, дурдан худалдан авч, гэр бүлээрээ хос дээл хийлгэж өмсөхгүй л бол хүний тооноос хасагдчих юм шиг сэтгэдгийг шинэ үеийн залуус халж эхэлсэн нь сайн хэрэг. Цагаан сарыг дэндүү нүсэр тэмдэглэдэг болсоор удав, монголчууд. Тэгж өөрсдөдөө сайн дураараа лай ланчиг хураачихаад, адаг сүүлд нь “Цагаан сар шиг нүсэр баяр алга” хэмээн халаглан шогшрох. Угтаа бол Цагаан сар нь ахас ихсээ хүндэтгэн дээдлэх, ураг төрлийн хэлхээ холбоогоо бататган гагнах ариун уламжлал дээр суурилсан төрт ёсны уламжлалт баяр билээ.

Ураг садныхаа ахмад настай хүмүүст очиж золгодог нь жирийн хэрэг огт биш. Энэ нутаг усанд манай удмын хэдэн айл өрх байна вэ, тэднээс хэд нь гэрэл урьсан тоонотой, гийчин урьсан үүдтэй, өөдрөг явна вэ, хэчнээн нь уруу дорой байна вэ гэдгийг мэдэж авахын эхлэл болдог. Цаашлаад зовлон, жаргалаа хуваалцах ахан дүүс минь хэн хэн юм, энэ онд манай ураг төрлийнхөн хэдэн шинэ хүнээр бүл нэмсэн бэ гэдгийг мэдүүлдгээрээ үнэ цэнэтэй. Ухаант өвөг дээдсийн минь бидэнд өвлөн уламжлуулсан энэ ёс заншлын үнэ цэнэ, ач холбогдол өнөөдөр бүр ч илүү тодорсоор байна.

Сүүлийн үед монголчууд ахан дүүсийнхээрээ орж гарч, ураг төрлөө мэдэлцэх нь цөөрсний харгайгаар садан төрлийн хүмүүс гэр бүл болох, цус ойртох явдал ихэссэнийг олон баримт гэрчилдэг. Тиймээс Цагаан сарыг ураг төрлүүд халуун бүлээрээ уулзалдах баяр гэдэг талаас нь хүлээн авч, юу байгаагаараа гийчдээ дайлан гаргахад тэгтлээ дургүйцэх хүн гарахгүй биз ээ. Ямартай ч Монголчууд сар шинийн баяраа ухамсартайгаар тэмдэглэж сурч эхэлж байгаа юм билээ.

Г.Хулан

10