Б.Чулуунцэцэг
12 өдрийн өмнө

Оросын “Цэнхэр шувуу” наадмын түүхэнд АНХ УДАА морин хуур эгшиглэлээ

       Оросын “Синяя птица” буюу “Цэнхэр шувуу” нэртэй авьяаслаг хүүхдүүдийн ТВ уралдааны бичлэг монголчуудын дунд өргөн тархдаггүй. Харин өнгөрсөн оны сүүлээр морин хуур, лимбэ, ятга хөгжмөөр оросын нэгэн аялгууг тоглож буй хүүхдүүдийн бичлэг нийтийн сүлжээгээр тархаж, олны анхаарлыг татсан билээ. Тэдний багш Н.Нямдорж нь Дорноговийн уугуул нэгэн бөгөөд Улаан-Үдэд морин хуурын багшаар олон жил ажиллаж байна. Тэрбээр “Цэнхэр шувуу” уралдаанд оролцож олон хүний магтаалыг хүртсэн урлагийн үзүүлбэрийн найруулга, зохиомжийг хийсэн аж.

“Цэнхэр шувуу” ТВ уралдаан нь 2017 онд гурав дахь удаагаа болж өнгөрсөн. Энэ нь бүх оросын хэмжээнд урлагийн залуу авьяастнуудыг эрэлхийлж, олон нийтэд таниулах зорилготой өндөр хэмжээний уралдаан юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн уг уралдаан дөрвөн үе шаттай. I шатанд хүүхдүүд өөр өөрийн хөгжмөөр гоцлол үзүүлбэр тоглож, видео хэлбэрээр илгээсэн.

Тэмцээний ерөнхий шүүгч нар буриад нутгаас оролцсон тэдгээр хүүхдүүдээс шүүгээд II шатанд 40-өөд хүүхдийг шалгаруулж, тэднийг буриадын БГТРК буюу буриадын төв телевиз дээр дахин шалгаруулалтад оруулж, тэндээс финалд тоглосон гурван хүүхэд шалгарсан юм. Ингээд өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр Москвад III шатны шалгаруулалт болсон. Москвагаас III шатанд зориулж манай гурван хүүхдийг нийлж нэг номер тоглох санал ирүүлсэн. Ингэж тэд Youtube-ээр олон мянган хүний үзсэн үзүүлбэрийг бэлдсэн байна.

2017 оны шалгаруулалтад нийт 11,000 урлагийн номер хүчээ сорьж, манай Алтаргана хамтлагийн тоглосон үзүүлбэр Шилдэг 25-д орсон нь Буриад үндэстний хэмжээнд бахархмаар үйл явдал болж өнгөрлөө. Уралдаанд оролцсон хүүхдүүдийн урам зоригийг бадрааж, далавчаа дэлгэн улам өндөрт нисэхэд нь мэдээж “Цэнхэр шувуу” сайн түлхэц болсон гэнэ. 

38