VIEW сонголт
2018-01-12 13:04

Утааг АРИЛГАХАД баримтлах ЗАРЧМУУД

     -ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

1. Өнөөдөр шийдчих боломжгүй ч, том зурагаараа утаанаас салах шийдвэрүүдээ УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд зоригтойгоор хийж эхлэх: /яригдаад байгаа дагуул хот, орон сууцжуулах, ДЦС-аа барих, засаг захиргааны болон бусад төрийн байгууллагуудыг нүүлгэх гэх мэт/

2. Өнөөдөр хөлдөж үхэхгүйн тулд, бас маргааш байшинд орж чадахгүй болохоор нүүрсээ, зуухаа, дулаалгаа ярихаас өөр аргагүй. Гэхдээ үүнийг төрийн мөнгөөр биш хувийн хэвшил, төсөл хөтөлбөр, орон нутгийн төсвийн хүрээнд хийх. /Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын бодлогоор дэмжих, бүтээгдэхүүнийг нь ашигласан, худалдан авсан айл өрх, аж ахуйн нэгжийг урамшуулах замаар хийх./ Эдгээрийг хийхдээ хаалтын гэрээ байгуулж биш иргэдээр нь өөрсдөөр нь сонгуулж хийх. Тэгээгүй тохиолдолд авилга хээл хахууль, идсэн уусан асуудал яригдсаар байх болно.

3. Чоно борооноор гэгчээр нөхцөл байдлыг ашиглан ашиг хонжоо хайгчид олширно. Туршигдаж нотлогдоогүй шийдлүүдээр шийдвэр гаргагчдын тархийг угааж хөрөнгө гаргуулах гэсэн нэг хэсэг байхад сонгогчдодоо таалагдаж, тойрогтоо үнэгүй юм тараах гэсэн нөгөө хэсэг ч байх болно. Эдгээрийг ялгаж салгаж, Монголын байгаль цаг уур, амьдралд туршигдсан шийдлүүдийг нэгдүгээрт авч үзэх.

4. Мөнгө шаардахгүйгээр хийж болох зүйлээсээ эхлэх. Тухайлбал: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор байшингаа дулаалсан, бүрэн шаталттай зуух хэрэглэсэн, цахилгаан-хий-сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдсэн айл өрхүүдийг урамшуулах, татварын бодлогоор дэмжих, халамжийн бодлоготойгоо уяж өгөх. Мөн хорт утаа ялгаруулж байгаа айл өрх, албан газартай хариуцлага тооцох. Үүнийг хийхийн тулд хороо, хэсгийн түвшинд эргүүл ажиллуулах, хэсгийн ахлагч, нийгмийн идэвхитэй хэсгийг урамшуулж ажиллуулах, Мэргэжлийн хяналтын байгууллагыг бэхжүүлэх, хариуцлага тооцох эрх өгөх

5. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ухамсрыг дээшлүүлэх. Бэлэнчлэх сэтгэлгээг арилгах, хавтгайрсан халамжаас татгалзах. Чи утаа үйлдвэрлэгч бол төлбөр төлөх ёстой гэдгийг ойлгуулах /агаарын тухай хуулинд байгаа/, утаа гаргахгүй байгааг нь дэмжих

6. Хууль эрх зүйн орчин, стандарт хангалттай. Харин мөрдүүлэх, мөрдөх, хянах ажил л хийгдэхгүй байна. Үүнийг бас үнэгүйгээр хийж болно.

7. Бидний өнөөдөр ярьж байгаа бүх шийдлүүдийг 10 жилийн өмнө буюу 2008 онд Засгийн газар олон улсын байгууллагуудтай хамтран судалгаагаар гаргаад тавьсан байдаг. Гэтэл дахиад нойлоос эхлэх гээд сууж байгаа нь эмгэнэл. Төрийн тогтвортой бодлого, байгууллага хоорондын уялдаа холбоо ус агаар шиг хэрэгтэй байна.

8. Эцэст нь нийгмийн сүлжээг зөв зүйлд ашиглах хэрэгтэй байна. Утаанд хордон бухимдсан иргэдийн сэтгэл зүйг дэвэргэх биш, хийсэн болгоныг буруутгах, хийх гэж байгааг үгүйсгэх биш сайн туршлагыг илүүтэй харуулах, олон талаас нь авч үзэх хэрэгтэй байна. Сэтгэлийн хөөрлөөр биш илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр асуудалд хандахыг уриалж байна.