Б.Гочоосүрэн
7 өдрийн өмнө

“МӨНГӨНИЙ ГАХАЙ” тэжээн С.Дэлгэрмөрөн хүүд ТУСАЛЖЭЭ

       БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол залуус мундаг байна. Тэд маань гэр бүлээсээ хол, амьдралын төлөө зүтгэж яваа ч элэг нэгтнээ гэх сэтгэл үргэлж байдгийг харуулсан нэгэн сайхан үйл явдал боллоо.

12 настай С.Дэлгэрмөрөн хүү ясны эмгэг хугарал өвчнөөр найман удаа хагалгаанд орж, хүнд хатууг үүрч яваа бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас ээжийнхээ хамт БНСУ-д очсон байна.

Энэ үеэр Сөүл хотноо ажиллаж, амьдардаг хэсэг залуус жилийн турш цуглуулсан мөнгөө хүнд өвчтэй С.Дэлгэрмөрөн хүүд хандивлажээ. Анх Т.Бат-Эрдэнэ, Д.Болдбаяр нар мөнгө цуглуулах санаачилгыг гаргаж, жил гаруйн турш мөнгөний гахайг "тэжээсэн" аж. Ингэхдээ өөрийн ажилладаг "Woonjin express" компанийн байрандаа гахайг байршуулж, хамт ажилладаг бүх монголчууд нь дэмжин оролцжээ.

Мөн тус компанийн солонгосчууд ч гахайг хамтран "тэжээж", улмаар жилийн дараа цугларсан мөнгийг хүмүүнлэгийн ажилд зориулахаар болж Улсан хотод эмчлүүлж байсан С.Дэлгэрмөрөн хүүг олж, хандив өгөхөөр шийдсэн аж.

Ингээд хүү болон ээжийг нь Улсан дахь монголчууд сайхан сэтгэлээр ээлж дараалан эргэн тойрч, асарч байсныг ч сайн үйлсийн аяныг санаачлагчид хэлж байлаа.

Одоогоор С.Дэлгэрмөрөн хүү эмчилгээгээ дуусгаагүй ч виза сунгуулах шаардлага гарч нутаг буцаад байгаа юм байна. Харин залуус мөнгөний гахайг дахин "тэжээж", хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлэхээр болжээ.