VIEW сонголт
7 өдрийн өмнө

Халиуны зулзагануудыг ЦАВЧААД л байх юм уу, Хүрэлсүх ээ...

   -ИРГЭНИЙ ӨНЦӨГ-

             За зориуд ингээд асуучихъя. Жил бүрийн татварт жин жингээр нь жинтэй хувь нэмэр оруулдаг үндэсний компаниуд гэж хаданд хавчуулагдсан халиуны зулзаганууд бий. Мөрөөрөө мөөмөө унжуулаад, боломжоороо болгоод явахын жаргал тэдэнд лав үгүй.

Ажилтнуудаа цалинжуулаад, авдаг хэд дээр нь нэмж татвар төлөөд гүрийж яваа үндэсний компаниуд үе үеийн Ерөнхий сайдуудын улс төрийн цавчаанд унахад бэлэн дэнжигнэж, үхэхэд бэлэн үймж байдаг нь яах аргагүй үнэн.

Тэвдэж явахад тэвнээр тусалж, хямарч явахад хандиваар өргөдөг нь нөгөө хэдэн үндэсний компани. Бас болоогүй ээ, аз эзийн дэнсэн дээр атгахан зүрхээ тавьчихаад, ардаа байгаа хэдэн зуун ажилтныхаа өмнөөс азыншоо хаяхаас аргагүй байдалд үе үе орно. Сонгууль болохоор л нөгөө хэдэн цадаж ханадаггүй улстөрчид нь авлагатай юм шиг хандив нэхэж, авцаатай юм шиг алгаа тосно. Нам болгоныг ивээн тэтгэж, улстөрч болгоныг угжилтай биш, азаа үзээд аль нэгийг нь дэмжихгүй бол Монголд үйл ажиллагаа явуулах нь байтугай, үүртэйгээ үлдэхэд ч хэцүү болно. Гай болоод дэмжсэн нам, өргөсөн улстөрч нь уначихвал дагаад унахаас аргагүй. Ялсан тал нь "Аа чи өрсөлдөгчийг маань өргөөд байсан бил үү" гээд өш хонзонгийн өөдгүй араандаа өрвийтөл зууна.

Татварын шалгалтаар татаж унагах гээд л тараагаад хаяна шүү дээ. Сонгууль болгоны дараа хадны завсар хавчуулагдсаар байгаад өнөө хэд маань таргалж томорно оо, гонжийн жоо. Тасарч унах гэсэн тасам нарийхан гэдэстэй юмнууд л энэ ч даргыг царайчлаад, тэр ч сайдыг аргадаад гүйж явна.

Уг нь үндэсний том корпорациудаараа гайхуулж, дэлхийд нэр алдраа дуудуулж, үнэлүүлж явдаг нь улс орон болгоны бахархал. Харин манайд эсрэгээрээ. Үндэсний компаниудаа торгоно, шүүнэ, томрох вий гэж айна. Гадныхны өмнө болохоор авч шалиагүй, ашиг хүртээгүй байж хөнжлөө дэлгээд гүйнэ, хөгнө ишиг шиг дагаж харайна. Бас болоогүй ээ, ноён ногооны сургаар номхорно, валютын сургаар бялдуучилна.

Тэгээд цаашаа санаатай өнөө хэд нь цанхаалж давхиад, гийгүүлсэн юмгүй, байгуулсан гавъяагүй. Монголын баялгийг гаргаж зараад байгаа хэрнээ орлого нь орж ирдэггүй гадны хөрөнгө оруулалттай компаниуд ч байна. Олон ч жил боллоо, олз гэж юм харагдсангүй, ашиг гэж алга тэнийлгэсэнгүй. Гэтэл үндэсний компаниуд маань л жил жилийн татварын орлогыг бүрдүүлж, тарсан улсыг чинь эмхэлж байна. Улс төрийн шалтгаан гэдэг үг одоо моодонд орсныг та мэдсэн үү, Ерөнхий сайд аа.

М.Энхболдыг МАН-ын дарга байх үед бүр ч хүчээ авсан. Улс төрийн шалтгаан гэдэг махны машинд өртөхгүйн тулд Монос, Өгөөжөөс эхлээд олон ч компанийн удирдлагууд танай даргыг дагаад сонгуулийн сурталчилгаанл нь сунатлаа явж, эцэтлээ зүтгэсэн. Үндэсний компаниудаа тэгж толгой дараалан чирээд, үймээд, хомроголоод сонгуульдаж байсан түүх ховор. Тэгсэн одоо таны үед үндэсний компаниуд гурван ангилалд хуваагдчихаад гурдайтал зүтгэж байна.

Эхнийх нь АН угшилтай, адагт жагсаахаас аргагүй ялагдсан компаниуд. Тэд ч 2020 он хүртэл толгой өндийхгүй тооцоо хатуу. Хоёр дахь нь М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нарын үед Засгийг дэмжсэн гэмтэй дээлээ нөмөрсөн нөхөд. Гурав дахь нь МАН-ын одоогийн удирдлагуудыг тойронхон эргэлдсэн азтай баагийнууд. Хөгжлийн банк хүртэл үндэсний хэддээ зээл өгөхдөө "Улс төрийн шалтгаантай учраас өгнө, өгөхгүй" гэдэг хариу хэлдэг болсныг та сонссон уу, Ерөнхий сайд аа.

Алийн болгон ингэж алалцаж явах юм бэ? Хан Хэнтийн ханилгаатай эр хүн байна даа, танаас минь ядаж уужуухан зан, уудамхан ухаан гарч, энэ хэдэн халиуны зулзага шиг хаданд хавчуулаатай үндэсний компаниудаа миний, чиний гэж ялгалгүй адилхан гар сунгаж, ачаагаа татчих юмсан. Татварт ихээхэн орлого оруулдаг компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзаад, ямар гацааг нь яасхийгээд төр дэмжээд гаргачихвал хэдэн хүн цалинтай болж, хэчнээн төгрөг татварт төвлөрөхийг сонсчихвол хамтдаа татсан ачаа хаа холдоо хөлд хөглөрөхгүй, замд цуврахгүй сэн.

Хэн хэндээ намын ялгаа, нам доторх ялгаагаар өш хонзон санан өрвөлзөж, атаа хорсол зангидан атирч явдаг үеийг эцэслэхгүй бол Хүрэлсүх шиг шулуухан Ерөнхий сайдтай байгаад ч яадгийн. Ядаргаа зүгээр.

Эх сурвалж:Р.ЭМҮЖИН

Зочин / 103.10.21.58
6 өдрийн өмнө

би монгол хүн