VIEW сонголт
15 өдрийн өмнө

УТААГ ГАМШГААС ГАЙГҮЙ РҮҮ оруулах

     - ИРГЭНИЙ ӨНЦӨГ -     

     Монголчууд бидэнд нэг асуудал байна!Сайн судалж боддоггүй, ямар ч том асуудлын шийдлийг цээжний пянгаар хялбарчилж, өөрсдийгөө хуурч, ганцхан шийдлийг олж мэдэж, үнэмшмэгцээ зүтгүүлж, тэгээд дотроо талцаж маргалддаг, жижгэрдэг. Зуух тараагаад бүтсэнгүй, зуух ер нь шийдэл биш гэж бүгд зүхэж байгаа ч асуудал зуухандаа биш бусад ажлуудтайгаа уялдуулж төлөвлөөгүй, зөв хэрэгжүүлж чадаагүй нь, улс төрийн хүсэл, манлайлал гаргаагүй нь асуудал гэх мэт..... за тэр яах вэ, жич асуудал.

Мэдээж хэрэг хотын утааг нэг амьсгаагаар хэн ч устгаж чадахгүй, цэгцтэй төлөвлөгөөг тэвчээртэй, тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Ганц мэргэн санаа байхгүй, олон арга зам, тал талын шийдлийн нэгдэл байж таарна. Үүнээс богино хугацаанд бодит нөлөө үзүүлж болох, бас санхүүжилт талаас нь гаднаас хөрөнгө татаж ирэх Ногоон санхүүжилтийн эх үүсвэрээр, аль болох татаас биш арилжааны арга замаар шийдвэрлэж болох хэдээс нь товч дурдая.

Нийслэлд 220 мянган өрх гал түлдэг, үүнээс 121 мянга нь байшинд, 99 мянга нь монгол гэрт амьдардаг. Олон шийдэл байж болох ч утааг бууруулахын тулд яаж ч байсан гал түлэхээ зогсоох, янданг цөөлөх, түлдэг зүйлээ сайжруулах шаардлагатай. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч зайлшгүй хийх алхмууд дараах байж таарна.

1. Байшинг дулаалах. Бодит тооцоогоор нэг байшин дулаалахад 6 сая орчим төгрөг болно. 121 мянган байшин биш гэхэд утаа гаргахад их нөлөөлж буй 20 мянган байшинг дулаалуулахад 120 тэрбум төгрөг хэрэгтэй. Дулаалганы шийдлийг дотоодын компаниуд (Базалтвүүл гэх мэт нэг биш) хийгээд, тооцоод явж байгаа. Санхүүжилтийг Ногоон зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтээр шийдвэрлэх боломжтой. 

2. Монгол гэрийг Монгол байшин болгох хөтөлбөр. Дулааны алдагдал багатай, 25 сая төгрөгөнд багтах, 5x8 харьцаатай байшинг 8% хүүтэй Ногоон орон сууцны зээлээр хангах. Энэ төсөл мөн бэлэн байгаа, бодитой төсөл, санхүүжилтийг ч мөн Монголбанкнаас мөнгө хэвлэж биш Ногоон санхүүжилтээр шийдвэрлэх боломжтой. Ингэж чадвал гэр хороололд байгаа иргэдийг олон давхар байшин руу чихэх гэж муйхарлалгүй, байгаа газар нь барилгажуулах үр дүнтэй, иргэдэд ханамжтай, урт хугацаатай төсөл болно. 

3. Цахилгаан халаагуур хөнгөлөлттэй зээлээр, бодлогын хөшүүргэтэй олгох. Судалгаагаар бол цахилгааны хүчин чадал хүрэхгүй тул халаагуур ашиглаж чадах айлын тоо нийслэлд 8000-р хязгаарлагдана. Гэхдээ цөөн мэт боловч ийм тооны янданг устгаж чадвал утааг шууд бууруулах нөлөө үзүүлж чадна. Тодорхой бүсийг огт яндангүй болгоход ашиглах нь тохиромжтой. Жишээ нь, Ганданг нэг ч яндангүй болгохоор албадан шаардаж, худалдан авах халаагуурт нь хөнгөлөлттэй зээл олгож болно. Бас л Ногоон санхүүжилт ашиглах боломжтой.

4. Зуухаа сайжруулах. Зуух байхаас л цааш утаа багатай, иргэдийн хэрэгцээнд нийцсэн шинэ загварын зуух нийлүүлэх, түүнийг хэрэглэх албадлагын болон санхүүгийн хөшүүрэг хэрэгжүүлэхээс өөр замгүй. Өмнө санаа нь зөв ч муу хэрэгжүүлсэн "зуух тараах төслийн" алдаагаа засаад хэрэгжүүлэх шаардлагатай. Олон л шийдэл, загвар, бүтээлүүд байдаг юм байна лээ...

5. Түлж буй түлшээ сайжруулах. Нэгэнт дийлэнх нь гал түлэх нь ойлгомжтой тул түлж буй нүүрсээ сайжруулах, шигших, шахмал түлш үйлдвэрлэх, эсвэл илчлэг өндөртэй үнэгүй нүүрсээ Тавантолгойгоос зөөж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх. 

Энэ бүх аргыг нийслэлээ бүсчлээд, хаана нь алийг нь хэрэгжүүлэх, дагалдах албадлага, санхүүгийн урамшууллыг тов тодорхой болгож, иргэд, олон нийтийн байгууллага, бизнес, банкуудын оролцоог хангаад, нэг нь (Ерөнхий сайд) манлайлж, нийтээрээ хөдөлж байж л утаагаа байлдан устгана даа. Бүтэхгүй боллоо гэхэд эдгээр шийдлүүд буруудаа биш, бид өөрсдөө л хэрэгжүүлж чадаагүй гэсэн үг. 

Дашрамд, дээрх хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд дэм болох Ногоон зээлийн сан байгуулах төсөл БОАЖЯ, СЯ мөн дэмжин оролцож байгаа бөгөөд бодит ажил болоход тун ойрхон яваа шүү.

Эх сурвалж: Badrakh Naidalaa

400