Б.Амаржаргал
8 өдрийн өмнө

Дубайн онгоцны буудал царай таньдаг хонгилтой болно

     Дубайн олон улсын нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигчид нислэгийн бүртгэлийн дараа олон дахин хяналт шалгалтанд орох хэрэггүй болсон талаар “TJournal" мэдээллээ. 
 
Зорчигчид шалган нэвтрүүлэх хэсэгт дугаарлан зогсохын оронд нүд баясгам аквариумтай хонгилоор алхах аж. Хонгилын дэлгэцээр далайн амьтад, байгалийн үзэсгэлэнт газруудын дүрсийг харуулахаас гадна реклам тавихаар болжээ. 
 
Сонирхолтой нь, уг хонгилын дэлгэцийг хүмүүс сонирхон алхах үеэр 80 нууц камер хүний царайг олон өнцгөөс авч, бичиг баримттай харьцуулах аж. 
 
 
Хонгилын төгсгөлд ирэхэд камерууд хэдийнэ үүргээ гүйцэтгэсэн байх бөгөөд хэрвээ ямар нэгэн асуудал гараагүй бол автомат хоолой таныг сайхан аялахыг ерөөгөөд ногоон өнгийн гэрэл асна. 
 
Харин асуудал гарвал улаан гэрэл асч, аюулгүй байдлын албаныхныг дуудна. 
 
Түүнээс гадна энэхүү хонгилоор ачаа тээшээ авч гарах бөгөөд хянах самбар асуудал байгаа эсэхийг шалгах юм байна. 
 
 
Энэхүү төслийг "Emirates" компани 18 сарын дотор боловсруулжээ. Эхний ажлаа 2018 оны зуны сүүлчээр дуусгахаар төлөвлөж байгаа ба 2020 он гэхэд нисэх онгоцны буудлыг ийм хонгилоор бүрэн тоноглож дуусах аж. 
 
Дубайн нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх зорчигчид бичиг баримт, ачаа тээшээ шалгуулахад их хугацааг зарцуулж байгаа тул энэхүү системийг нэвтрүүлэхээр болжээ. 
 
Эх сурвалж: Segodnya.ua