close
5 Шинэ мэдээ

Эдийн засаг

Инфляци сорилт болохгүй

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илэрхийлэх инфляцийн төсөөлөл эдийн засгийн хүлээлт дордсонтой холбоотойгоор буурчээ.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 09, Даваа гараг, 09:10 цагт

        Мөнгөний бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь нэг жилээс дээш хугацаанд үргэлжилдэг. 

Тиймээс инфляцийн зорилтыг Монголбанкнаас дунд хугацаагаар тодорхойлов. Хасах утгаас эерэг утга руу шилжсэн инфляци энэ оны турш нам түвшинд байх төлөвтэй байна. 

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг илэрхийлэх инфляцийн төсөөлөл эдийн засгийн хүлээлт дордсонтой холбоотойгоор буурчээ.

Манай улсын эдийн засгийн идэвхжил үргэлжлэн саарч байгаа нь инфляцийн өсөлт ийн доголдоход нөлөөлсөн аж. Хямралын сүүдэрт өртсөн инфляци агшиж, хоёр сар дараалан дефляцитай гарсан. 

Тэгвэл энэ онд инфляци зорилтот түвшнээс хазайхгүй нь. Гэхдээ ханшийн уналт үнийн ерөнхий түвшинд нөлөөлж байгаа тул инфляци энэ улиралд ялимгүй өсөх төлөвтэйг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д тодотгосон. Тэгэхээр бидний худалдан авч буй импортын бараа, бүтээгдэхүүнд ханшийн зөрүү шингэнэ гэсэн үг. Энэ нь үнийн өсөлт болж “хэтэвч” хоослох сорилт.

Төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн уналт нь дан ганц гадаад худалдаанд алдагдал болоод зогсохгүй манайх шиг импортлогч оронд инфляцийг хөөрөгдөх нэг үндсэн нөхцөл болдог. Тэгвэл энэ оны хувьд ханшийн дарамт инфляцийн өсөлтийн суурь шалтгаан байх нь. 

Хэдийгээр үнийн ерөнхий түвшинд үл ялиг өөрчлөлт орох ч инфляци зорилтот түвшнээс бага байх хандлагатай байна. Энэ нь өрхийн эдийн засагт ирж буй эерэг мэдээ. “Инфляцийн төлөв байдлын тайлан”-г Монголбанкнаас улирал тутам танилцуулдаг. Уг тайлан нь мөнгөний бодлогын үр нөлөөг давхар илтгэдэг.

Шинэ тайлангаас үзэхэд эдийн засгийн дунд хугацааны төлөв таатай бус хэвээр байх нь. Хүнсний болон хүнсний бус инфляци аль аль нь өнгөрсөн онд үргэлжлэн буурсан. Харин энэ оны сүүлийн хагасаас бага зэрэг өсөх төлөвтэйг дээрх тайланд дурджээ. 

Хүнсний инфляци нь махны үнэ хямдарснаас түлхүү шалтгаалж, энэ оны гуравдугаар улирал хүртэл буурахаар байна. Махны үнэ олон жилийн дундажтай харьцуулахад өнгөрсөн онд хамаагүй хямд байсан. Үүний нөлөө инфляци нам түвшинд байх хөшүүрэг болж байгаа нь энэ.

Инфляцийн дунд хугацааны зорилтот түвшинг төв банкнаас 2017-2019 онд жилийн найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тодорхойлсон. Энэ нь инфляцийн төлөв нааштай байгааг илтгэх үзүүлэлт

Тодруулбал, энэ онд инфляци харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа юм. Харин хүнсний бус инфляцийн хувьд валютын ханшийн нөлөөгөөр ирэх гуравдугаар улиралд эерэг түвшинд хүрэхээр байгааг уг тайланд онцолсон байна. Учир нь эдийн засгийн өсөлт саарч байгаа тул хүнсний бус инфляци буурах хандлага энэ оны эхний хагас дуустал үргэлжилж үүнээс цааш өсөх хандлага залгах нь.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжихэд мөнгөний бодлогыг зөөлрүүлэх буюу мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх орон зайг бий болгохын тулд бид инфляцийн зорилтыг нэмэгдүүлсэн” хэмээн мэдэгдсэн. 

Тэгэхээр 14 хувьтай тэнцэж буй бодлогын хүүг энэ онд дахин бууруулах магадлал өндөр байна. Учир нь мөнгөний бодлогын хүүг зөөллөж байж эдийн засагт төгрөг нийлүүлэх нөхцөл Монголбанкинд бүрдэх юм.

Гэхдээ төв банкны ерөнхийлөгчийн сонголт хэрэгжихэд экспортын гол бүтээгдэхүүний үнэ, өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт зэрэг гадаад хүчин зүйлс давхар нөлөөлөх нь дамжиггүй. Эдгээрээс гадна манай улсын төсвийн алдагдал буурах, улмаар зохистой түвшинд ирэх нь чухал гэдгийг цөөнгүй эдийн засагч учирлаж буй. 

Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Засгийн газрын эдийн засгийн бодлого, төсвийн бодлого, өрийн эргэн төлөлт, банк, санхүүгийн системийн эрүүл орчин, хөрөнгө, санхүүгийн захын нөхцөл зэрэг дотоод хүчин зүйлс хэрхэн өөрчлөгдөхөөс дээрх байдал хамаарах болно” хэмээн тэмдэглэсэн удаатай.

Эдийн засгийн бодлого өөрчлөгдөх, бүтцийн шинжтэй өөрчлөлт бий болох, гадаад, дотоод хүчин зүйлсийн гэнэтийн өөрчлөлт зэргээс инфляцийн төсөөлөл эргэж болзошгүй. Үүнийг эрсдэл хэмээн Монголбанкныхан тооцоолж байна. Энэ тохиолдолд инфляцийн эрсдэл төсөв, мөнгөний бодлогод хүндрэл үүсгэх талтай. 

Манай улсын хувьд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тодорхой бус байдлын гол сурвалж болсон хэвээр байна. Хятадын нийт өрийн хэмжээ нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөс гурав дахин хурдан өсөж, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх болсон. 

Үүнээс шалтгаалж компаниуд өрийн хямралд өртөх, банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах, цаашид эдийн засгийн өсөлт саарах эрсдэлийг дагуулж болзошгүй байгаа.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлт сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа. Энэ нь барилгын салбарт эрсдэл үүсгэх магадлалтайг зарим эдийн засагч анхааруулж байна.

 БНХАУ дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Засгийн газраас нь ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг 20 хувьд хүргэж бууруулах зэргээр барилгын салбараа дэмжиж, үл хөдлөх хөрөнгийн үнэ сэргэхэд нөлөөлж буй. 

Гэвч өнгөрсөн оны сүүлийн хагаст үнэ эргээд буурав. Барилгын салбар нь ийнхүү удааширснаар зэс, гангийн үйлдвэрлэл хумигдах, гангийн гол түүхий эд төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт буурах эрсдэл өндөр байгаа. Инфляци нам, тогтвортой түвшинд байхад өмнөд хөршийн эдийн засгийн өсөлтийн нөлөө их.

Инфляцийн төлөвийг өөрчлөх бодит эрсдэлүүдийн нэг нь нефтийн бүтээгдэхүүний үнэ. Дэлхийн зах зээлийн үнэ алгуур өсөх төсөөлөлтэйг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д тэмдэглэсэн байна. 

Уг тайланд “Хэрэв Засгийн газрын зүгээс шатахуунд ногдуулдаг онцгой татварын түвшингээ өөрчлөхгүй тохиолдолд шатахууны дотоод үнэ өсөх эрсдэлтэй”-г онцолж байсан. Нөгөөтэйгүүр эдийн засгийн ойрын ирээдүй энэ онд эерэг төлөвт шилжих хандлагатай байгааг дуулгая.

“Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалтаас хамааран уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхээр байгааг дээрх тайланд бас онцолсон юм. Эдийн засаг энэ онд сэргэх ч бодит нөлөө нь урт хугацаанд гарахаар байгаа аж. Энэ нь эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхад жин дарах нь. Хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан инфляци эдийн засагт ойрын хугацаанд сорилт болохгүй нь.

 by 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.