close
5 Шинэ мэдээ

Боловсрол

“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт боллоо

“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.

Нийтэлсэн: И.Энхжинмөнх
12 сарын 26, Даваа гараг, 15:07 цагт

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” ном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтэд хүргэж буй “Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн нээлт өнөөдөр Үндэсний номын санд болов.

“Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон” бүтээл нь монгол түмний оюуны соёлын нандин сурвалж дэлхий дахинд хэрхэн түгсэнийг баримтаар харуулаад зогсохгүй “Монголын нууц товчоон”-ы судалгааг шинэ шатанд гаргахад судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох юм. 

Монгол туургатны язгуур эх түүх, үндэсний хэл бичиг, ардын билиг зүй, эртний утга зохиол, монгол хүмүүний ёс заншлын их нэвтэрхий толь бичиг, уламжлалт оюуны соёлын хосгүй гайхамшигт туурвил болох “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй улс оронд азербайжан, алтай, англи, болгар, буриад, герман, испани, итали, казах, мажар, марати, монгол, орос, перс, польш, солонгос, тува, турк, уйгур, франц, халимаг, хятад, чех, эсперанто, япон зэрэг гуч шахам хэлээр орчуулж, эл сурвалж таван тивд түгэн тархжээ. Эдүгээ вьетнам, румын хэлээр орчуулж байгаа аж. 

Энэ баримтаас харахад “Монголын нууц товчоо” хэмээх монгол туургатны оюуны нандин сурвалж монголчуудаар овоглосон дэлхийн бүтээл болсон байна. Бас комикс цуврал, брайль үсэг, жүжиг хэлбэрээр ч олны хүртээл болсон.

“Монголын түүхийн цахим тайлбар толь”-ийн онцлог нь Монголын түүхийг сонирхон үзэхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй, өөр өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч булан бүрээс тус толийн толгой үгийг бүтээх боломжтой болж байгаа тул хүн бүр эх түүхээ бүтээхэд хувь нэмрээ оруулах, эцэг өвгөдөөс мэдсэн мэдлэгээ үлдээх боломж бүрэн нээлттэй боллоо.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.