close

Боловсрол

“Монголын сайхан бичигтэн” тодорлоо

"Монголын сайхан бичигтэн" Улсын уралдаан 20 дахь жилдээ /2017.01.09/ шилдгүүдээ тодруулав

Автор Г.Дэлгэрмөрөн
1 сарын 11, Лхагва гараг, 16:25 цагт

        “МОНЦАМЭ” агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг "Монголын сайхан бичигтэн" Улсын уралдаан 20 дахь жилдээ /2017.01.09/ шилдгүүдээ тодруулав. “Монголын сайхан бичигтэн” уралдааны тэгш ойн жилд долоон ангилалд 700 орчим уран бичигтэн өрсөлджээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Ганболд, СГЗ, нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн, МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, "Хүмүүн бичиг сонин"-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа болон  нэрт судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирэв.

 Шагнал гардуулах арга хэмжээний үеэр БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Монгол хүний бусдаас ялгарах нэг онцлог бол бичиг, соёл. Ялангуяа бид дэлхийд ганцхан босоо бичгийг өвлөж авсан азтай хүмүүс. 

Ерөөс үндэстний оршин тогтнох тулгуур багана бол тухайн орны хэл. Тиймээс төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Би Монгол бичгийг шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололттой холбон цахим ертөнцөд чөлөөтэй хэрэглэх бааз суурийг бүрдүүлэхэд яамны зүгээс анхааран ажиллана. 

Төрөл бүрийн ном, сурах бичиг монгол бичгээр хадгалагдан үлдсэн байдаг. Энэ бүгдийг цахимжуулах, түгээн дэлгэрүүлэх, кирилл бичигтэй харилцан хөрвөдөг болгох зэрэг нарийн ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ. 

Өмнө нь ШУТИС-тай хамтран монгол бичгийн программ бүтээж байлаа. Тухайн үед монгол бичгийн юникодын асуудал ихээхэн бэрхшээлтэй байсан. Тиймээс цаашид үндэсний хэмжээний бичгийн юникодтой болох тал дээр монгол бичгийн мэргэжлийн салбарын хүмүүстэй хамтран ажиллах бодолтой байна” гэв.

Тус уралдаанд аймаг, сумд, есөн дүүргээс олон зуун сайхан бичигтэн оролцсон бөгөөд Баянхонгор, Төв, Архангай аймгаас хамгийн олон хүн бүтээлээ ирүүлсэн аж. 

Уралдааны шилдгийн шилдэг оролцогчоор Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Е.Анужин тодорсон бол тэргүүн байрын эзнээр Сүхбаатар аймгийн Үндэсний лаборатори Нэгдүгээр сургуулийн 12в ангийн сурагч Ө.Ундармаа, Нийслэлийн СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 12о ангийн сурагч Э.Энхзаяа, Дархан-Уул аймгийн 15 дугаар сургуулийн 12в  ангийн сурагч Ц. Бадамцэцэг нар тодорч  МУИС, МУБИС-д Төрийн сангийн тэтгэлгээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхтэй боллоо.  

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.