close
5 Шинэ мэдээ

Байгаль экологи

Эрүүл агаарыг үнэлэхүй

Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн нөхцөл байдалд хүрснийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 12, Пүрэв гараг, 14:31 цагт

        Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн нөхцөл байдалд хүрснийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Хор нь багассан гэж итгэж явсан утаа энэ жил бүр  хоолой боогдуулах болов.

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгааг нийтээрээ ухамсарласан иргэд анх удаагаа утааны эсрэг нэгдэн тэмцлээ. Эрх баригчид ч асуудлыг анхааралдаа авч, зарим зоримог шийдвэр гаргаад байна.

Энэ өвлийн халуун сэдэвтэй холбоотойгоор БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ хамтран МҮХАҮТ-д энэ сарын 9-10-нд зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулахад таны оролцоо" сэдэвт технологийн үзэсгэлэнг сонирхлоо.

Уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож автомашины шатахууны хэрэглээ, хорт бодисыг бууруулах бүтээгдэхүүнээс аваад уламжлалт усан халаалт, шалны цахилгаан халаалт, шахмал түлш, яндангийн шүүлтүүр, монгол гэрийн халдаг хөшиг, шатдаг хийн халаагуур олон нэр төрлөөрөө дэлгэгдсэн байв.

Үзэсгэлэн худалдааг зорин очсон хүн олон байлаа. Уг нь би утаагүй зуухны адил айл бүр худалдан авах боломжтойн зэрэгцээ хатуу түлш хэрэглэдэггүй технологи сонирхохоор ирсэн юм. 

Улаанбаатар хотын агаар дахь утааны хэдэн хувийг жижиг ногоон шуудайтай 3,000 төгрөгийн үнэтэй нүүрс “үйлдвэрлэж” байгаа бол, хэрвээ агаарын бохирдол ядууралтай холбоотой гэвэл үүнийг технологийн хувьд шийдэж боломжтой юу? гэсэн асуулт надад байсан юм.

Энд оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн бараг 40-өөд нь цахилгаан халаалт санал болгож байна. Хамгийн энгийн шийдэлтэй, зөөж гэртээ байршуулахаас өөр нэмэлт зардал шаардахгүй халаагуур л гэхэд цахилгаан болон хийн түлш ашигладгаас үл хамааран таван ханатай монгол гэр халаах хүчин чадалтай нь 600 орчим мянган төгрөгөөс эхэлж байна.

Шалны халаалт ам метр нь 60 орчим мянган төгрөг. Үүн дээр тохирох шалны материал сонгох, суурилуулах гээд нэмэлт зардал, тодорхой хөдөлмөр шаардана. “За, зуухаа солихоо больё” гээд утаан дахь хорт бодисыг саармагжуулдаг шүүлтүүр янданд суурилуулахад 2.3 сая төгрөг.

Ямар төрлийн цахилгаан халаалт тавьснаас шалтгаалаад тухайн өрхийн сарын хэрэглээний тогны мөнгө багадаа 50-60 мянган төгрөг болдог хэмээн борлуулагчид ярьж байлаа. 

Хийн түлш ч мөн ялгаагүй үүнтэй ойролцоо зардал гаргахаар аж. Хэдийгээр өдөрт 3,000 мянган төгрөгийн нүүрс түлэх зардлаас бага боловч үнэн хэрэгтээ танай гэр, байшин дулаан алдагдал хэр багатай вэ гэдгээс хэдэн кВт цахилгаан хэрэглэж, хий худалдаж авах нь шалтгаална. Дээр дурдсан тоо нь дулаан алдагдлыг хамгийн багаар л тооцож хэлсэн дүн юм.

Харин бодит байдалд 150 мянган төгрөгөөр нэг “портер” (1.5 тонн)  нүүрс худалдаж авах санхүүгийн боломжгүй иргэд хоногийн хоолноосоо илүүчилж, гал алдахгүй тулд жижиг шуудайтай нүүрс худалдан авч байгаа. Түүнээс ч боломжгүй нь дугуйн хамер, шуудай, жийнс шатааж буй.

Үнэндээ үзэсгэлэн үзэхээр ирсэн иргэдийн хувьд ч зуслангийн байшин, гараж, зоорь, жижиг агуулах халаахад тохирох шийдэл хайсан нь олонх байв. Энд хамгийн сайн борлуулалттай бараа нь автомашины шатахуун зарцуулалт бууруулах тос бололтой.

Нэгэнт хүн ам 1.3 сая хүрсэн энэ үед хөл хөдөлгөөн хязгаарлах, хил зааг тогтоох, эрчим хүчний тарифыг тэглэх нь асуудлын бүрэн шийдэл хараахан биш бололтой. 

Өнөөдөр нүдэнд харагдахуйц үр дүн гараагүй ч “Хас”, “Өлзий” зуух тараасны адил худалдан авч болохуйц үнэтэй, гэр хорооллын янданг орлож чадахуйц технологи өрх бүрт нийлүүлэх бодлого, хөтөлбөр хэрэгтэй гэж санана. 

Ц.Элбэгсайхан

Эх сурвалж: Mongolian Economy

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.